COSE TALKЭэж ба хүүхэд

А.Цолмонтуяа: “Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөрийгөө хайрладаг, хамгаалдаг байснаар эрүүл гэр бүлийг бий болгоно”

“Миний жирэмсэн үеийн аялал” хувийн тэмдэглэлт номын эрхлэгч, Хавайн Их Сургуулийн магистерантур, бяцхан ханхүү, гүнжийн ээж Алтанхундагын Цолмонтуяа хүүхдүүдтэйгээ хамт бүтээх гэр бүлийн нандин дурсамж, гэр бүлийн үнэт зүйлс, хүүхдэдээ хамгийн сайн бүтээгдэхүүн хэрхэн сонгох болоод ээжүүд хүсэл мөрөөдлөө хэрхэн мартахгүй, өөртөө үнэнч байх талаар COSE Talk буланд нандин яриа өрнүүллээ.

COSE: “Миний өсөлтийн аялал” охид, хөвгүүдийн багцыг хийх санаа хэзээ төрсөн бэ, хүүхэдтэй холбоотой шинэ санаа, шинэ ажил ардаа маш их хайр, бусдад ч сайн сайхныг хүссэн сэтгэлээс эхэлдэг санагддаг?

Цолмонтуяа: Юуны өмнө миний эхлүүлж буй ажлыг дэмжиж буйд талархалаа илэрхийлмээр байна. “Миний өсөлтийн аялал” хүүхдийн өсөлтийн milestone наалтыг 2017 онд эхлүүлж байсан. Хүү минь тухайн үед 2 нас гарантай том жаал болсон байлаа. Гэрийнхээ зургийн альбомыг эргүүлж үзэж байхдаа хүүгийнхээ сар бүрийн өсөлтийг харуулсан зургууд байхгүй байгааг анзаарч энэ санаа төрч байсан. Нэг л мэдэхэд хүү минь 1, 2 насны төрсөн өдрөө тэмдэглээд харин надад гар утсан дээр дарсан зурагнаас өөр гэрийн минь зургийн цомогт үлдсэн тэр төсөөллийн зургийн сан байхгүй байсан. Ингээд л эмэгтэй эрэгтэй бяцхан үрсийнхээ сар бүрийн зургийг аваад хадгалах соёлыг үүсгэх санаагаа тэр дор нь хэрэгжүүлж байсан. Их хурдан бүтэж байсан, учир нь төсөөллүүдээ цаасан дуур буулгаж, бүтээлч санаа эргэлдэж эхлэхээр эрч хүч цаанаасаа буцлаад заавал л яг төсөөлсөн зүйлээ гарт баригдтал нь дайчилдаг. Хийхэд ч өөрөө их дуртай, бас үлдээх үр өгөөж нь тоолж болох зүйлээр хэмжигдэхгүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүтээхэд хувь нэмрээ оруулах зүйл гэж бодохоор их аз жаргалтайгаар хийж байсан гэх үү дээ.

COSE: АНУ-д ямар чиглэлээр сурч байгаа вэ? Танай сургууль оюутнууддаа хэр их боломж, сорил өгдөг вэ? Сургалтын хөтөлбөр, онцлог юу вэ?

Цолмонтуяа: Одоогоор би Хавай мужийн их сургуульд “Төрийн удирдлага”-ын чиглэлээр магистрын зэргээ горьлон сурч байгаа. 2017 онд 100%-ийн тэтгэлэгт хамрагдах сурах боломжоор ирсэн байгаа. Манай сургуулийн онцлог гэвэл байршил юм болов уу гэж хардаг. Хавай муж өөрөө түүхэндээ Хаант Улс байсан. Асар их соёлын үнэт зүйлс, олон олон үндэстнүүдийн бөөгнөрөл болсноороо соёл гэдгийг их өөр өнцгөөр надад харуулсан. Сэтгэхүйг маань болоод сурдаг мэргэжлээ илүү далайцтай, үнэт зүйлстэйгээ холбогдуулж харахад минь манай сургуулийн хөтөлбөр их гайхалтай санагддаг. Зөвхөн АНУ-ын хил хязгаараар зааглагдахгүйгээр Ази Номхон далайн бүс нутгуудын төр засаглал, нийгмийн удирдлагыг номноос биш гагцхүү өдөр тутмын амьдралдаа шинэ найз нөхөд, нийгмээсээ олж хардаг. Өөр өөр үндэстнүүд нэг дор энэ арал дээр амьдарч энэ нийгмийн бүрдүүлдэг нь надад өдөр бүр дэлхий ертөнцөд суралцах зүйл хэзээ ч дундрашгүй гэдгийг ойлгуулж, бидний ном бариад өөрийгөө бусдаас дээгүүр тавих гээд байдаг жижиг нэгэн “би” төвтэй үзлийг байнга няцааж сануулга өгдөг гэх үү дээ. Энд сурч амьдархад энэ надад хамгийн том хичээл болж мэргэжлийнхээ чиглэлээр бахархах үнэт зүйлсийг минь бататгаж байдаг.

COSE: Та оюутан цагаа нийгмийн идэвх өндөртэй өнгөрүүлсэн харагдсан. Ротаракт клубт хэзээнээс явж эхэлсэн бэ? Таны сайн дурын ажлуудын туршлага, танд ирсэн өгөөжийн талаар хуваалцвал?

Цолмонтуяа: Оюутан байхдаа бас ажил хийж байхдаа ч нийгмийн ажлыг орхиж байгаагүйдээ одоо бодоход их талархдаг. Бас ямар их үнэ цэнийг надад суулгаж өгсөнийг нь одоо эргээд харахад ойлгодог. 18 настайгаасаа 25 нас хүртлээ Ротарактор байсан. Хамгийн чухал сурсан зүйл бол нийгмийн ажлын үнэ цэнэ юунд байгааг ойлгосон. 18 настайдаа сайн дураараа гишүүн болж элссэн сэтгэлгээ минь жил ирэх тусам нийгмийн оролцооны гол үнэ цэнэ тулгуур нь “би” биш гэдгийг ухаарсан. Миний хйиж байгаа зүйл урт хугацааны cycle-ийг үүсгэж байгаа юу үгүй юу гэдгээр үнэ цэнэ хэмжигдэхийг их тод ойлгосон гэх үү дээ. Сайн дурын ажлыг хийхдээ өөрөө өөртөө ирэх түр зуурын сэтгэл ханамжийг авахад биш гагцхүү миний оролцоо ямар үнэт зүйлс, үнэ цэнийг цааш нь миний оролцоо байхгүйд ч үлдээх вэ гэдэгт байдгийг ойлгож, өөрийн амьдралдаа баримтлан хэрэгжүүлж байгаа минь хамгийн том үр өгөөж юм уу даа.

COSE: Та юунаас шинэ санаа, урам зориг авдаг вэ?

Цолмонтуяа: Ер нь жил ирэх тусам, ялангуяа ээж болсноор хүн өөрийгөө хумих гээд байдаг мэт анзаарагдсан. Өөр дээрээ анзаарсан зүйл юм. Тэр үедээ яг юу хийх дуртайгаа дахин нэг өөртөө сануулах хэрэгтэй юм шиг байгаа юм. Би багаасаа өдрийн тэмдэглэл бичдэг байсан. Анх ээж маань 11 настай байхад минь “Харри Поттер”-ийн зурагтай цоожтой тэмдэглэлийн дэвтэр явуулж байсан. Тэр дэвтэрнээс эхлээд өнөөдрийг хүртэл бичсэн олон дэвтэр бий. Тэгэхээр анзаараад байхнээ, ганцаараа зөвхөн өөртэйгээ суугаад аливааг бичиж суухдаа уран сэтгэж эхэлдэг. Энэ сэтгэлгээг минь дэмждэг гэр бүл минь хамгийн том урам зориг минь юм даа.

COSE: Та ээжүүд гэр бүл, карьераа хэрхэн зөв менежмент хийж, хэрхэн зөв цагийн хуваариар амжуулах хэрэгтэй гэж хардаг вэ, та өөрийн туршлагаас хуваалцвал?

Цолмонтуяа: Ээж гэдэг тодорхойлогдошгүй нэр томьёо гэж боддог. Яг нэг ижил арга, цаг хувиарлалт, зохицуулалт хүн бүрт тохирохгүй байх. Гэр бүл бүр өөрийн гэсэн соёл бас жижиг “норм”- той. Тэгэхээр тэгвэл л болно, ингэвэл л болно гэхэд дэндүү хийсвэр санагддаг. Би өөрөө одоо ч гэсэн яг хаашаа яваад байгаа, төгсөөд Монголд буцаад очихоороо юу хийхээ тодорхой нарийн мэдэхгүй л байгаа. Гэхдээ зорилгын зураглалаа харчихсан, бас надаас өөр хэн ч ойлгохгүй өөрийгөө хааяадаа бодит завгүй орчноос тусгаарлаад “зугатах” арга хэрэгслүүдээ мэдэхээс гадна хэрэгжүүлээд байх л хамгийн том эхлэл юм болов уу. Багахан ч гэсэн өөрийнхөө дуртай зүйлээ хийхэд л сэргээд явчихдаг тэр зүйлээ л мартахгүй мэдэж байхад цаг төлөвлөлт яаж ийж байгаад л зохиуулагддаг мэт.

COSE: Ээжүүд өөртөө цаг гаргах, өөрийгөө хайрлахад таны зөвлөгөө

Цолмонтуяа: Зөвлөгөө гэхээсээ илүү өөртөө анзаарсан зүйлээ хуваалцдаг юм бил үү. Жижиг гэж гололтгүй өөрийнхөө дуртай зүйлсээ олж мэдэх. Хүн юу гэж хэлсэн ч бай ерөнхийдөө санаанд чинь багтаж байгаа л бол чиний хийж чадах л зүйл байгаа.

COSE: Манай бүсгүйчүүд ээж болоод өөрийгөө хойш тавьж, хүсэл мөрөөдлөө умартах үе байдаг, таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ, танд ийм үе байсан уу, байсан бол хэрхэн даван гарч чадсан бэ?

Цолмонтуяа: Хүсэл мөрөөдлөө умартсан мэт үе байлгүй яах вэ. Маш олон удаа. Гэхдээ өөртөө мэдрэгдсэн зүйлсээ хуваалцахад бид хэрвээ “мөрөөдөл” гэдэг зүйл бидэнд үнэхээр баттай сийлэгдэж суусан л бол тэр хэзээ ч мартагддаггүй мэт санагдсан. Ээж болоод бодлууд маань өөр чиглэл рүү чиглэгдээд эхэлдэг болохоос биш, яг өөртэйгээ суугаад бичээд үзэхээр дахин тэднийгээ сэргээгээд өөртөө сануулаад ирдэг мэт. Тэгэхээр бичиж, эсвэл өөртөө тохирох аргаар өөрийн хүсээд байгаа амьдрал, хүсэж буй бүхнээ, өөрийн хийж чаддаг зүйлсээ гээд бичих л хэрэгтэй. Би одоо ч их мөрөөддөг. Заримдаа эргэн тойрны хүмүүс, орчин, аливаа нөөцийн дутмаг байдал тэр мөрөөдөмтгий сэтгэлгээг сүйтгэх гэдэг. Энэ үед л өөрийнхөө жижигхэн нөгөө “зугатах” орон зайгаа өөртэйгээ бүрдүүлж чадвал мөрөөдлөө зорилгоо хамгаалаад хайрлаад тэтгээд байж болох мэт санагддаг.

COSE: Та жирэмсэн байхдаа хэрхэн өөрийн эрүүл мэнд, гоо сайхныг анхаардаг байсан бэ, гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

Цолмонтуяа: Жирэмсэн байхдаа гоо сайхны бүх бүтээгдэхүүнээ “органик” химийн найрлагагүй болгож байсан. Мэдээж органик бүтээгдэхүүнүүд харьцангуй үнэтэй. Харин манай Монголд үйлвэрлэсэн их олон брэндүүд тухайн үед гарч эхэлж байсан. Lhamour, Seaberry-ийн бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглэдэг байсан. Цаанаа л нэг дотоодынхоо бизнес эмэгтэйчүүдийг дэмжээд байгаадаа ч тэр үү сэтгэл дүүрэн хэрэглэдэг байсан. Хаана ямар Монгол брэнд гарсан байна, явж очоод сонирхдог байсан.

COSE: Та хүүхдэдээ ямар бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг вэ, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгоход юуг анхаардаг вэ?

Цолмонтуяа: Хүүгээ нялх байхад нь Aveeno -ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн юм байна. Эмзэг арьстай болохоор нь овьёосны орц, элдэв нэмэлт үнэргүй байдаг нь их тохирдог байсан. Ер нь бол хүүгийнхээ эмзэг арьсанд голдуу анхаараад үнэртэн нэмэлтээр ороогүй бүтээгдэхүүн хэрэглэсэн. Аа тийм бас, coconut oil хүүдээ түрхдэг байсан. Lhamour-ийн хонины сүүлтэй саванг бас усанд оруулахад хэрэглэдэг. Охиндоо Seventh Generation -ий бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн юм байна.

COSE: Та хүүхдээ хэзээнээс хөтөвчинд суулгаж эхэлсэн бэ, та ямар памперст сайн үнэлгээ өгөх вэ?

Цолмонтуяа: Манай хүүг эмээ нь анх 2 сартайгаас нь тосоод дасгаж байсан. Өө тэгээд л заримдаа хэмнэл алдагдаад л болиод л аяндаа өөрөө 1 ой өнгөрөөд өөрөө хөтөвчиндөө сууж эхэлж байсан. 2-уулаа л P&G-ийн Pampers брэндийн Японы зах зээлд үйлдвэрлэдэгийг нь хэрэглэсэн дээ.

COSE: Танд шинэ ээжүүдийн мэдээсэй гэж хүсдэг, хүүхдэдээ заавал хийж өгөөсэй гэж хүсдэг 3 зүйл юу байдаг вэ?

Цолмонтуяа: Ээжүүдийн гоо сайхан болон эрүүл мэндийн тал дээр мэдээсэй гэж боддог нэг л зүйл бол өөрт тохиолдсон туршлагаар “хөхний тос”. Эмнэлэг рүүгээ авч явах зүйлсийн жагсаалтдаа бичээд санахад алзахгүй.
Хүүхэддээ заавал хийх зүйл дээр зургийг нь сар бүр дарж угаалгах. Чухал биш мэт санагдах хэдий ч сүүлд нь хэзээд чухал гэдгийг нь ойлгоно шүү.

COSE: Таны косметик цүнхэнд юу юу байдаг вэ?

Цолмонтуяа: Гарын тос, уруул өнгөлөгч, гар ариутгагч, шингэн хацар өнгөлөгч бол байнга байдаг.
COSE: Та өөрийн арьс арчилгаандаа гоо сайхны ямар брэнд бүтээгдэхүүн сонгон хэрэглэдэг вэ?
Цолмонтуяа: Нүүрний төрөл бүрийн маск-ийг тогтмол хэрэглэдэг. Ихэнхидээ deadsea mud mask буюу шавар маскууд, араас нь зөөлрүүлэх салфеткан маск байнга хэрэглэдэг. Одоогоор амьдарч байгаа газрын цаг уурын онцлогоос хамаараад усан суурьтай water gel нүүрний тосыг шинэ өөр өөр брэндийг сонирхож хэрэглэдэг болсон. Ойрын үед суурь тос болон серум-ийг түлхүү хэрэглэх зорилт тавиад байгаа. Нэг их гоо сайхны бүтээгдэхүүнд анхаарал өгдөггүй байсан одооноос гол суурь бүтээгдэхүүнд анхаарч арьсаа хайрлаж байх болсон. Энд ирээд Rosehip oil суурин тос хэрэглэх гээд байсан чинь Монголд Lhamour-ийн rosehip oil маш хямдхан хэдий ч ижилхэн чанартай байна лээ.

COSE: Хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор таны санал болгох, гэр бүлийн мөрддөг зүйл бий юу?

Цолмонтуяа: “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн Анужин гээд эмэгтэйн түгээж буй хооллох ойлголт, газар нутгийн онцлог байршилдаа ургадаг, оршдог хоолыг хүртэх нь эрүүл гэдэгтэй санал нийлдэг. Мэдээж цаг ямагт баримтлаад байдаггүй хэдий ч бүхэл үрийн гурил, овьёосны нэвс, манайд ургадаг зэрлэг жимсгэнүүд, шар будаа, цагаан идээгээ түлхүү хэрэглэхийг зорьдог. Талхаа өөрөө гэртээ хийж идэх дуртай. Шинэ ургацын улирал болоход монголдоо ургасан нарийн ногоог их хэмжээгээр аваад бутлаад хөлдөөгөөд хадгалдаг байсан. Тэгээд хүүгийнхээ бантанд буйцаа, хулуу гэх мэт нарийн ногоог өвлийн улиралуудад хэрэглэдэг байсан.

COSE: Та гэр бүл, хүүхэд хүмүүжлийн талаар уншсан хамгийн сайн ном, сургалт, кино, лекц зөвлөвөл?

Цолмонтуяа: Анх ээж болоход ирэх мэдээллийн сувгийг хаачихмаар санагддаг байсан. Хүн бүр өөр юм хэлнэ, ном бүхэн өөр өөр арга барилтай. Тэгэхээр ээж хүн цаг үе, орчин байдал, шинжлэх ухаан, анагаах ухаан, уламжлалт ухаан гээд бүх өнцгөөс өөрийн арга барилдаа болон хүүхдэдээ тохирох мэдээллээ авах нь их чухал. Цаг үе, шинжлэх ухаан өөрчлөгдсөн байгааг санах нь чухал. Би Zint Clinic- ээс гаргадаг “Хүүхэд ба гэр бүл” номыг аль болох мэддэг шинэ ээж бүхэнд санал болгодог. Монгол хэл дээр, бас зайлшгүй шаардлагатай чухал мэдээллийг шинжлэх ухаан, анагаах ухааны тайлбартай ойлгомжтойгоор тайлбарласан байдаг. Англи хэл дээр жирэмсэн байхдаа болон хүүгээ төрүүлээд “What to Expect the 1st year”-ыг уншиж дагадаг байсан. Одоо бас 3 жилийн дотор зөндөө шинэ ном шинэчлэгдэн гарсан байгаа байх. Цаг үеэсээ хоцрохгүй байх л чухал байх.

COSE: Та хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хатуу илэрхийлдэг. Таны бодлоор бид гэр бүлийн харилцаа, нийгмийн хүрээлэлд хэрхэн өөрчлөлт,шийдэл авчирах хэрэгтэй вэ?

Цолмонтуяа: Би өөрөө ирээдүйн аав, ирээдүйн ээж хүнийг бүтээж байгаа эмэгтэй хүн. Би хүүхдүүддээ юуг харуулж, мэдрүүлж өсгөнө, тэдний амьдралыг харах маш том суурийг бүтээж байна гэсэн үг. Тэгэхээр буруу зүйл “буруу” гэдгийг багаас нь ойлгуулж, хүнийг хүндлэх үнэ цэнийг баттай ойлгох хүмүүжлийг л олгохыг зорьж байна. Бусад зүйлсийг зааж сургаж болдог. Харин төв хүмүүжил бол буруу, харгис, эрүүл бус үйлдлийг хэзээ ч үйлдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүйд байх юм. Энэ нь хүний амьдралын үнэт зүйлс байдаг.
Манай нийгэмд маш элбэг хэрнээ маш их хүмүүс харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт, туулж буй хэдий ч уучлал хайр гэдэг үгээр андуураад өдөөн дэмжээд өнгөрдөг зүйл бол гэр бүлийн хүчирхийлэл. Чимээгүй байснаараа бид хүчирхийллийг дэмжээд байдгаа мэддэггүй. Тэгэхээр ирээдүйн нийгэмд чимээгүй хүлээж авдаг сэтгэхүйг дэмждэггүй нийгэм бүрдүүлэх нь миний үүрэг. Аав ээж бүхний маш том үүрэг гэж боддог.
Өөрөө өөрийгөө таньж мэдэж, өөрөө өөрийгөө хайрлаж, өөрийн үнэ цэнээ мэддэг, хамгаалдаг байснаар эрүүл гэр бүл үүсэх байх гэж бодож байна. Ингэснээр буруу үйлдлийг “зөв” мэт болгоод хувиргачихдаг нөлөө, нөлөөлөлд автахгүй дархлаа тогтох байх. Үүнийг нь дэмждэг нийгэм, хамгаалдаг хууль нь итгэл алддаггүй байхад тойрог бүрдэж нийгэм эрүүл болж чадна. Түүнээс биш тулгуур 3-ын нэг нь л байлаа гээд урт хугацааны тогтвортой өөрчлөлт хийгдэж чадахгүй.

COSE: COSE TALK уншигчдадаа таны дуулгах шинэ мэдээ юу вэ?

Цолмонтуяа: Free-writing буюу чөлөөт бичих арга барил олон судалгаагаар сэтгэл гутралыг эмчлэх аргуудын нэг болоод байгаа. 10 минут өөртөө гаргаад ажил болгоод толгойдоо орсон бүхнээ зогсолтгүй бичээд дасах. Энэ хамгийн эхний алхам. Ингэснээр бид бодлоо цэгцэлж сурдаг байгаа. Энэ аргыг жирэмсэн ээжүүддээ дадал болгож сургахыг номоороо дамжуулж олгохыг хүсэж байгаа. Зүгээр л 10 минут тасралтгүй бичээд эхлэхэд аяндаа өөрөөсөө асууж буй асуултын хариултаа өөрөө бичдэг болно. Жирэмсэн үедээ тэмдэглэл хөтөлж ийнхүү бичиж байх нь тайвшрал өгөхөөс гадна ээжүүдэд өөртөө цаг гаргаж, өөрийгөө олж мэдсээр байхад туслах болов уу гэж бодож байгаа. Мөн Гэр бүлдээ нандин дурсамж бүтээх номоо Монголд COSE Cosmetics гоо сайхны их дэлгүүрээс авах боломжтой байгаа. Дээрээс нь энэ дэлгүүр ээжүүдийн ажлыг их хөнгөвчилсөн, цаг хэмнэсэн сайхан дэлгүүр нээгдсэн байналээ.

Tags : Life Style

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.