TIPS & HACKS

Ээжүүд охиндоо л гэж нандигнан захисан арьс арчилгааны үнэт зөвлөгөө

Эмэгтэйчүүд бидний арьсны онцлогт тохирсон арчилгаа ус, агаар мэт хэрэгцээтэй байдаг. Өөгүй, толигор арьстай байвал хичнээн сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй, өөдрөг алхдаг билээ дээ?Тэгвэл охид, бүсгүйчүүдэд маань үлгэр дууриалал болдог олны танил эмэгтэйчүүдийн ээжүүд тэдэнд арьс арчилгааныхаа ямар нууцыг зөвлөснийг COSE.mn та нартаа хүргэж байна. Харин ээж тань танд арьсаа хэрхэн арчлах талаар ямар зөвлөгөөг аминчлан захидаг талаар бидэнтэй сэтгэгдлээр хуваалцаарай.

1. Надад ээжээсээ сурсан мэдсэн зүйлс маш их байдаг. Манайх төрөл бүрийн ногоог өөрсдөө тарьж, ургуулж хоол хүнсэндээ нарийн ногоо байнга хэрэглэдэг байсан болоод ч тэрүү ногоогоор нүүрэндээ маск их тавьдаг байж билээ. Ээж маань ногоонуудаараа маск бэлдээд эгч бид хоёрын нүүрэн дээр тавьж өгдөг байсан. Өргөст хэмх, төмс, хулуугаар хүртэл маск хийчихнэ. Нүүрээ хүйтэн усаар угааж бай, угаасныхаа дараа битгий арч, хатаагүй байхад нь чийгшүүлэх тосоо түрх гэж байнга захина. Би ч жаахан охин байхдаа хүйтэн усанд нүүрээ угаах дургүй, халуун усаар л нууж байгаад угаачихдаг байсан /хэхэ/ Тэгээд ээж яагаад нүүр арчуулахгүй байгаа юм бол доо гэж гайхдаг байсан бол одоо энэ дүрмийг өдөр тутмын арьс арчилгаандаа маш сайн дадал болгож хэвшүүлсэн. Мөн ээж минь хар цайгаар нүүрээ их угаадаг байсан. Энэ нь арьсны ядаргааг тайлж, тайвшруулж амрааж, хаван хүртэл хөөдөг шидтэй. Бас дээрээс нь би хүүхэд байхын л шингэн зүйл их уудаг байсан болохоор арьс маань өнгөлөг, сайхан байхын үндэс болсон гэж боддог. Энэ маань ч бас л ээжийн минь арьс арчилгааны “алт” шиг үнэтэй зөвлөгөө юм шүү дээ.

Жүжигчин А.Туяа

2. Манай ээж бид нарыг бага байхад усанд их оруулдаг байсан. Ээж, ах, эгч нар маань их гоё арьстай. Ах маань хүртэл эмэгтэй хүн шиг биеийн арьс нь гоё байдаг. Удам дагадаг гэж ярьдаг шдээ, магадгүй бид нар ээжийгээ дуурайсан байх. Хүүхэд байх цаг үеэс маань элдэв янзын үнэтэй бүтээгдэхүүн хэрэглүүлдэггүй, нүүр будуулдаггүй байсан. Энэ нь ч бас маш сайн арчилгаа байсан гэж боддог.

Жүжигчин Н.Мөнхсоёл

3. Ээж маань нүүрээ болж өгвөл буцалсан зөөлрүүлсэн усаар угааж бай гэж хэлдэг. Мөн нүүрээ хэт их арчлаад нэг дор олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээр хэвийн байсан нүүрний тэнцвэр алдагддаг гэдэг. Бас өглөөд мөнгөн аяганд хонуулсан ус уухаар арьс хөгширдөггүй юм шүү гэж захидаг.

Загвар өмсөгч Х.Наран

4. Ерөнхийдөө нүүрээ будаж, гоё сайхан хувцас өмсөхөөс илүү залуу насаа байгаагаар нь хадгалах нь чухал шүү гэж захьдаг. Ээж маань намайг будуулах нэг их дуртай биш. Арьс арчилгааны хувьд гэвэл хамгийн чухал нь нүүрээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй гэж хэлдэг.

Жүжигчин Б.Мишээл

5. Яаж ч ядарсан байсан нүүрнийхээ будгийг маш сайтар угааж, дараа нь чийгшүүлээд амарч байгаарай гэж хэлдэг. Нүүр арчилгааны хамгийн чухал хэсэг нүүрээ цэвэрлэх юм шүү гэж захьдаг. Дээрээс нь мөсөөр сайн арчих, ойр ойрхон нүүрэндээ иллэг хийлгэх нь ямар ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү дүнтэй гэсэн шүү.

Нэвтрүүлэгч Д.Санчирмаа

6. Ээж маань өөрөө их даруухан, нүүрээ нэг их будаад байдаггүй эмэгтэй. Гэхдээ арьс арчилгааны хувьд надад их том зөвлөгөөг хүүхэд ахуй цагаас маань дадал болгож өгсөн. Тэр нь юу гэвэл мөсөөр нүүрээ арчих арчилгаа байсан. Жоохон байхад нүүрээ угаасны дараа мөсөөр нүүр, хүзүүг маань арчиж өгдөг байсан. Энэ нь мэдээж арьс чангалах, эрүүл толигор харагдах нууц шүү дээ.

Make up artist О.Мөнхцэцэг

Tags : Skincare

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.