COSE TALK

Э.ЭРДЭНЭСУВД: “Монгол make -up артистууд зөв цагтаа, зөв цэгтээ байж чадвал дэлхийн хэмжээний авьяастай”

COSE TALK буланд "Scuti Professional Make Up Studio"-ийн үүсгэн байгуулагч, "Cosmopolitan Fun Fearless Female Awards"-ийн өргөмжлөлт, Алтан зурааст Мake Up Artist Э.Эрдэнэсувд уригдан бүсгүйчүүдийн хамгийн их асуудаг асуултын хариулт, монгол эмэгтэйчүүдийн дүр төрх, арьсны онцлогт тохирсон будалт, мөн нүүр будалтын бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох, шинэ артистуудад өгөх зөвлөгөө зэргээр халуухан яриа өрнүүллээ.

COSE: Манай урлаг, соёлын алдартнуудаас танаар будуулж үзээгүй хүн их цөөхөн байх, тийм үү? Scuti Professional Make Up Studio анх хэзээ үүссэн бэ? Одоо ямар баг бүрэлдэхүүнтэй, ямар үйлчилгээн дээр төвлөрч байна вэ?

@SUVDAAREI: 2007 онд Малайзын Куала-Лумпур хотын “Clara International Beauty Academy”-ийг Мэргэжлийн нүүр хувиргагч, үсний стилист мэргэжлээр төгсөж ирээд Киви хамтлагийн анхны бие даасан уран бүтээл дээр хамтарч ажиллаж ажлын гараагаа эхлүүлж байсан ба одоог хүртэл нягт холбоотой хамтран ажиллаж, амьдралын сайхан найзууд болсон. Тэр цагаас хойш маш олон уран бүтээлчидтэй хамтарч ажилласан байна. Ажиллаж байх хугацаандаа монгол хүний нүүрний хэлбэр, арьсны онцлогт тохирсон будалт болоод будалт дээр гардаг түгээмэл алдааг бүсгүйчүүддээ зааж өгөх хэрэгтэй юм байна гэсэн бодлоо биелэл болгож 2014 онд “Scuti Professional Make Up Studio” студээ байгуулсан байгаа. Студи ерөнхийдөө Хувийн make-up сургалт, VIP Сургалт, Мэргэжлийн meku-up бэлтгэх сургалт гэсэн 3 чиглэлээр олон улсын жишигт нийцсэн онол-практикийн сургалтыг санал болгодог байгаа. Мэргэжлийн Make-Up артист бэлдэхдээ хувь хүний онцлогтой, өөрийн арга барилтай, бие даасан, хүчтэй артист болгох үүднээс их тулж ажилладаг, өнөөдөр ч артистуудтайгаа хамтын ажиллагаатай байдаг. Энэ жилээс бид арай өөр шинэ чиглэлд орж байгаа нь юу вэ гэхээр үйлчилгээний байгууллагуудын нүүр царай болсон боловсон хүчнийг хөгжүүлэх сургалт, хүний нөөцтэй илүү түлхүү хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид 2 зөвлөх багштай, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр студи үйл ажиллагаагаа явуулж байна.

COSE: Маш олон кино, сэтгүүл, рекламны зураг авалт, шоу, тоглолтын ард SCUTI мэргэжлийн make up студи ажилласан байдаг. Өнөөдрийн байдлаар хамгийн гол хамтрагчид хэн хэн байна вэ? Хамгийн их цаг орсон, эсвэл хамгийн том ажил ямар ажил байсан бэ?

@SUVDAAREI: Бие даасан 4 УСК, Киви, Sweety Emotion, 3 охин хамтлаг, Дуучин Сараа эгч, Дуучин Болд, мөн бусад уран бүтээлчдийн 70 орчим клип, мөн 70 орчим реклам, зураг авалт бол маш их, ойролцоогоор 100 орчим байх, мөн гадаад дотоодын олон загварын шоунууд дээр ажиллаж байсан. Сүүлийн үед Үндэсний үйлдвэрлэгч “Ялгуун” брэндийн зураг авалт дээр ажиллаж байна, загвар өмсөгч, мисс Оюунгэрэлтэй ерөнхий стилистээр ажиллаж байна, мөн “Katya Zol” брэндийн зураг авалтууд дээр төвлөрч ажиллаж байна. Хамгийн их цаг зарцуулсан ажил гэвэл найзуудтайгаа хамтраад Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийд нэртэй Монгол” төсөл санаачлаад Монголынхоо Үндэсний соёл, урлагийн төлөөлөлтэй хамт, Үндэсний үйлдвэрлэгчидтэй, урчууд дархчуудын бүтээлтэй, Монголоос анх удаа маш том баг Дэлхийн загварын “Мercedes Benz” тайзан дээр гарсан. Энэ төсөлд хамгийн урт буюу 6 сар зарцуулж амжилттай ард нь гарсан. Эндээс Монголчууд, залуу хүмүүс нэгдэж чадвал хүчтэй, мундаг, юу ч хийж бүтээж чадна гэдгийг харсан.

COSE: Та New York “Mercedes Benz”загварын долоо хоног дээр ажиллаж байсан талаараа хуваалцахгүй юу? Өөр олон улсын ямар шоун дээр ажиллаж байсан бэ?
@SUVDAAREI: Түрүүн хэлсэнчлэн 2014 онд Монголоос маш том баг Fashion дор зангидагдаж дэлхийн тайзан дээр Монголоо сурталчилах, өв соёлоо таниулах, түгээх зорилгоор нэгдэж ажилласан. Загварууд нүүдэлчин хэв маягтай, их гоё шижир алтан аксесуартай байсан түүнд нь зохицуулж моделуудынхаа хөмсгийг дарж жигдэлсэн будалт хийгээд, нүүрний голд алтан зураас зурж өгсөн. Загварын шоуны араас маш олон загварын шүүмжлэгчид өөрийн сэтгэгдлээ илэрхийлж байснаас будалт маань “Golden Lined Make Up” нэрээр их дурдагдсан байсан, мөн тухайн өдрийн “BBC”-гийн онцлох 10 зурагт оорсон байсан нь надад маш их урам өгсөн. Манай make up артистууд зөв цагтаа, зөв цэгтээ очиж чадвал хаана ч дутахгүй чадвартай гэж боддог.

COSE: Make Up Artist-ийн олон улсын уралдаан, загварын шоунд хэр их оролцдог вэ?

@SUVDAAREI: 2012 онд Дэлхийн салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг тодруулдаг “Cosmopolitan Fun Fearless Female Awards”-ийг Make Up Artist төрлөөр авч байсан. Мөн 2012 онд Малайзад “Katya Zol” брэнд загвараа танилцуулахад загвар өмсөгч мисс Оюунгэрэл, дуучин Ука, мастер үсчин Амараа бид бүхэн баг болж хамтарч ажилласан байгаа. 2013 онд Нью-Йоркод “Couture Fashion”-д мөн оролцоод ирсэн. 13,14 онд Нью-Йоркийн Загварын долоо хоногт оролцохоос гадна, Сан-Франциско, Нью-Йоркийн Тибит хауст эх орноо сурталчилах загварын шоунууд дээр make up-ийг хариуцаж ажиллаж байсан.

COSE: Та нүүр будалтыг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ? Хэзээнээс хэрхэн суралцсан бэ?

@SUVDAAREI: Одоо бодоход нүүр будалтыг их эрнээс сонирхож байсан юм байна. Хүүхдийн сэтгүүл, зурагт хуудас дээр байдаг хар цагаан зургийг нүд сормуусыг нь будаад, уруулыг нь улаан балаараа буддаг байсан. Будсаны дараа өмнөх байснаасаа өөр гоё болж байгаа нь надад их таалагддаг байсан. Дараа нь жоохон байсан ч урлагийн үзлэгээр ангийнхаа хүүхдүүдийг будаж, сормуус нааж өгдөг байсан. Загварт бас сонирхолтой байсан болохоор “Үнсгэлжин” наадамд оролцож тодорхой амжилтууд гаргаж байсан. Загвар өмсөж байгаа охидуудаа өөрөө буддаг байсан. Энэ үеэс л илүү бодитой болж, сонирхол маань ил гарч ирсэн.

COSE: Та make up багш болоод хэдэн жил болж байна вэ? Хэдэн төгсөгчтэй болсон бэ? Төгсөгчдөөс мундаг артистууд хэн хэн байна вэ?

@SUVDAAREI: 2014 оноос багшилж эхэлсэн, жилд нэг удаа цөөн тооны мэргэжлийн make up артист бэлдэх элсэлт авдаг учраас 15 дотор төгсөгчтэй, Артист Сарангоо дуучин Баярцэцэгтэй хамтарч ажилладаг, бие даасан кино, клип, зураг авалтууд дээр их ажиллаж байгаа, артист Ука жүжигчин Мөнхсоёлтой хамтарч ажилладаг, мөн кино, зураг авалтуудад мундаг туршлагатай, артист Одонгоо бол илүү young generation-д хандаж, англи хэлээр контент бэлтгэж, сошиал сувагт төвлөрч ажиллаж байна. Хувийн нүүр будалтын хөтөлбөрийн тухайд удирдах албан тушаалын манлайлагч эмэгтэйчүүд, өөртөө өөрчлөлтийг авчирах бүсгүйчүүд, ээж нар, бүх насны охид бүсгүйчүүд нийлээд 200 гаруй бүсгүйчүүд сургалтад хамрагдсанд тэд нараараа бахархаж, баярладаг.

COSE: Танд make up хийхэд зайлшгүй шаардлагатай 3 хэрэгсэл, 3 будаг сонгох болвол таны сонголт юу байх вэ?
@SUVDAAREI: Крем, сүүдэр (тень болгож ашиглаж болно, сүүдрээ тавина, хамраа өндөрлөнө), хөмсөгний харандаа (хөмсөг будах, нүдний дор контур зурах, уруул хүрээлж болно), сүүдрийн багс, теньний холигч багс, порлонтой багсаар бүтэн будалт хийх боломжтой.

COSE: Нүүр будалт хийхдээ та тухайн хүний юуг анхаарч, юун дээр төвлөрдөг вэ?
@SUVDAAREI: Тухайн хүний нүүрний хэлбэр, ясны бүтэц, нүд хоорондын зайг анзаараад түүнд зохицох, хэлбэржүүлэх будалт хийдэг. Нүүрийг өргөх, хүний характерийг тодорхойлох гол хэсэг болох хөмсөгөн дээр илүү төвлөрч будалтаа хийдэг.

COSE: Будалт сайн авдаг хүн гэж байдаг уу? Энэ нь тухайн хүний юунаас шалтгаалдаг вэ?
@SUVDAAREI: Будалт авахгүй хүн гэж байхгүй, гол нь тухайн хүнээ сайн ажиглаж, анзаарч, зан араншинг харж тохирсон будалт хийвэл амжилттай болно. Шингэн цайвар царайтай, олон өнцөг үүсээд байхааргүй, зууван царайтай хүн хувирал сайн авдаг.

COSE: Монгол эмэгтэйчүүдийн арьсанд хамгийн их зохидог өнгө, будалтыг та юу гэж хардаг вэ?
@SUVDAAREI: Тухайн хүний сонирхол, ажил мэргэжлээс шалтгаалаад өөр өөр байдаг ч, ерөнхийдөө Монгол эмэгтэйчүүдэд хэт их гялалзуулагчгүй нүдний тень, шаргал суурьтай суурь, крем пудр, тоорын болон хүйтэн ягаан өнгийн хацар өнгөлөгч их тохирдог.

COSE: Таны инстаграмыг харахаар та их стильтэй харагддаг? Та хурц стильд дуртай юу? Таны мэргэжилтэй холбоотой юу?
@SUVDAAREI: Би хэт их брэнд, трэнд хөөхөөс илүү өөрийн сэтгэл санаа, үзэл бодол, орчин нөхцөлдөө тааруулж хувцасаа сонгохыг хичээдэг. Стилийн тал дээр хэт эмэгтэйлэг, сэрвэгэр, дэрвэгэр хувцас надад тохиромжгүй санагддаг, миний зарим хувцас надаас өөр хүн өмсөхгүй, сонирхохгүй тийм шийдэлтэй ч байх нь бий.

COSE: Та ямар брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн, хэрэгсэл хэрэглэдэг вэ?
@SUVDAAREI: Манай студи, make up артистууд тень, гэрэл сүүдрээ Америк мэргэжлийн бүтээгдэхүүнээс сонгодог бол сууриндаа аль болох япон бүтээгдэхүүн сонгох нь Монгол хүний арьсны өнгөнд илүү ойр байдаг. Харин зураг авалтад про бүтээгдэхүүн их сонгодог, учир нь өнгө гаралт тод байдаг. Ер нь артистууд бүх бүтээгдэхүүнийг туршаад үзчихсэн, харьцуулаад мэдчихсэн, шинэ бүтээгдэхүүн юу гарсан, хаана ямар үнээр худалдаалдагийг хүртэл мэдэж байдаг даа.

COSE: Та ямартөрлийн арьстай вэ? Таны арьс арчилгааны дараалал ямар вэ? Та арьс арчилгаандаа юуг чухалчилдаг вэ?
@SUVDAAREI: Холимог, эмзэг арьстай. Гоо сайхны бүтээгдэхүүнээ чанартай, өдөр тутам хэрэглэх учраас химийн найрлага багатай, өнгөгүй, үнэргүй байгаасай гэж боддог. Өдрийн турш тогтоцтой матт будаг хэрэглэдэг учраас орой зориулалтын тосон цэвэрлэгчээ хэрэглээд угааж цэвэрлэнэ, араас нь маш хурдан чийгшүүлэгч хэрэглэнэ. Гэртээ маск, паскууд бас их хэрэглэдэг. Хүний арьс дотоод гоо сайхан, сэтгэл санаа, үзэл бодлоос их шалтгаалдаг болохоор аль болох бараан юм бодохгүй, өөрийгөө их өөдрөг, цагаан байлгахыг хичээдэг. Хурдтай, хүчтэй үр дүнтэй аргууд эргээд сөрөг нөлөөтэй гэсэн уламжлалт бодолтой хүн дээ. Би сүүлийн үед Японы KOSE арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээд толийгоод л байгаа. Ер нь өөрийн олж мэдсэн, туршсан, таалагдсан бүтээгдэхүүнээ сошиал сувгуудаараа бүсгүйчүүдтэйгээ хуваалцдаг байгаа. Та бүхэн хурдан үр дүн харах гэж яаралгүй, энгийнээс, өдөр тутмаасаа эхэлвэл үр дүн ч урт настай байх болов уу.

COSE: Хүмүүсийн нүүр будалтад хандах хандлага, будалтын хэв маяг хэрхэн хувьсаж байна гэж та хардаг вэ?
@SUVDAAREI: Будалт загвараа дагаад байнга хувьсаж байдаг. Будалтаар дамжуулж нүүрний хэлбэрээ засах, сул талаа дарах, хүссэн дүр төрхөө бүтээж, мэс ажилбаруудаас татгалзах давуу тал ихтэй байсан. Тэгээд их туйлшрал бий болсон. Монголд ч гэсэн сүүлийн 5,6 жил нүүр будалт маш хурдацтай хөгжиж, хэт их нүүр будалт хийх нь тухайн хүнээ таагүй, тухгүй болгож, өөрийн онцлог мөн чанарыг нь далдалж, make up-ийн золиос болж байсан хандлагууд их харагдаж байсан. Сүүлийн үед хүмүүсийн хандлага өөрийн дүр төрхөнд нийцсэн, давуу талаа тодотгосон, цэвэрхэн, натурал, фрэш будалт их хийж байгаа. Аль болох “будмал” харагдахаас татгалздаг болсон.

COSE: Эмэгтэйчүүд танаас юуг хамгийн их асуудаг вэ?
@SUVDAAREI: “Хөмсгөө шивүүлэх үү яах уу?, хаана шивүүлэх вэ?, хаана арилгуулах вэ?” гэж их асуудаг. Хөмсөгний шивээс хийхдээ хүнийхээ нүүрний хэлбэр, хөдөлгөөн, онцлогийг анзаарахгүйгээр ер нь зүүн тал нь урт, баруун талыг богинодуулж хийсэн нь элбэг байдаг. Тэгэхээр бүсгүйчүүд маань өөртөө ямар хөмсөгний хэлбэр зохихыг будаж сурсны дараа, шивээс хийх хүнтэйгээ харьцаж, шаардлага тавих өөрөө мэдлэг мэдээлэлтэй болсны дараа хөмсгөө шивүүлээрэй гэж хэлмээр байна. Энэ бол нэг удаа угаагаад арилах будаг биш, таны гоо зүйтэй их холбоотой чухал асуудал.

COSE: Make up артистууд будалтыг нь хараад хэнийх гэдгийг нь таних тохиолдол бий юу? Таны будалтыг хэрхэн таньдаг бол?
@SUVDAAREI: Артист бүхэн өөрийн мэдрэмж, арга барилтай байдаг. Манайхан “сайн, муу” гэж их уралдуулдаг. Гэхдээ тэр хамгийн сайн гэх нь өрөөсгөл ойлголт. Тухайн зураг авалтын онцлогт артистын онцлог, өнгө аяс таарах уу гэдгээс артистаа сонгож хамтарч ажиллавал зүгээр болов уу. Харин бүсгүйчүүдийн хувьд өөрийн онцлог, стилд хэний будалт нийцэхийг харж сонгох хэрэгтэй байх. Олон жил ажилласан артистын будалт ялгагдана.

COSE: Make up бүтээгдэхүүн сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ? Хэрхэн яаж тестэрлэж авах хэрэгтэй вэ?
@SUVDAAREI: Бүтээгдэхүүн сонгохдоо суурь будгийг арьсны өнгөндөө тохируулах, Ази учраас бидэнд шаргал суурьтай бүтээгдэхүүн тохирно. Европ гаралтай бүтээгдэхүүн ягаан суурьтай байдаг нь цагаан арьстнуудад илүү тохиромжтой. Хөмсөгийг үсний өнгөтэй тохируулна. Уруулын будаг арьснаас илүү шүдний өнгөтэй тохирох хэрэгтэй байдаг. Цав цагаан шүдтэй бол бүх өнгө зохидог байхад шүд арай шардуу бол тоорын өнгө, улаан, оранж өнгө илүү шар харагдуулдаг учраас хүйтэн өнгийн, wine, үзмийн ягаан өнгө илүү зохино. Харин хөхөлбөр туяатай шүдтэй бол дулаан өнгө, тоорын, оранж өнгө илүү зохимжтой. Теньний хувьд бүлцгэр нүлэнд хэт гялалзуулагчтай тень битгий сонгоорой гэж зөвлөх байна. Хүнхгэр нүдтэй бол хэт матт өнгө сонгох нь илүү хүнхгэр болгодог болохоор гялалзуулагчтай илүү тохирно. Мөн улиралдаа нийцүүлэн өнгө, хэлбэрийг сонгож байгаарай. Энэ ямар брэндийн гэдгээс илүү ийм энгийн мэдлэг мэдээлэлтэй болоод бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй.

COSE: Мэргэжлийн нүүр будалтын артист болох гэж байгаа охид эмэгтэйчүүдэд та юу зөвлөх вэ?
@SUVDAAREI: Мэргэжлийн артист болох гэж байгаа бол зураас ч зурж мэдэхгүй байж болно, сурах л ёстой. Тухайн хүнд үндсэн сонирхол, мэдрэмж байхад багш нь мэдрээд зааж өгөөд, хичээгээд сурах боломжтой. Төгсөөд их бүтээлч ажил хийх, олон хүнтэй харьцах, олон янз хувиралттай будалтууд хийж өөрийгөө нэг хэвэнд барихгүй, чөлөөтэй, задарч байх хэрэгтэй. Сошиал сувагтаа өөрийгөө маш гоё будалт хийдэг ч хүнийг будаж чаддаггүй артист байдаг. Хэт өөр дээрээ ажиллахаар өөртөө штамп суулгачихдаг гэсэн үг. Ялангуяа эхэлж байгаа хүн. Үе үеийн кино үзэж, загварын шоу үзэж, дуу хөгжим сонирхож будалтуудыг нь анзаарч, урлагт хайртай байгаарай, түүнээс хурдан мөнгө олдог мэргэжил биш юмаа, артист хүн учраас урлагаас таашаал авдаг, үргэлж суралцдаг, гоё мэдэрч ажиллах хэрэгтэй гэж зөвлөх байна.

COSE: Танд COSE Talk уншигчдад дуулгах мэдээ бий юу?
@SUVDAAREI: “Scuti Make Up Professional Studio” анхдагчдын нэг гэдэг утгаараа 2018 онд make up салбарт түүчээлсэн олон бие даасан ажлуудыг төлөвлөөд байгаа. Тун удахгүй олон уншигчдынхаа мэлмийг баясгаж, сэтгэл сэргээсэн олон ажлуудаар уулзах болно. Баярлалаа.

COSE: Монголынхоо бүсгүйчүүдэд өнгө жавхаатай, өөртөө итгэлтэй, өөдрөг тэнэгэр, шинэлэг дүр төрхтэй байх гоо сайхны их аянд үнэтэй хувь нэмэр оруулж, зааж зөвлөж байгаа, мөн Дэлхийн томоохон тайз, шилдэг уран бүтээлд эх орныхоо нэрийг гарган дүр төрхийг үнэ цэнэтэй харагдуулж буй хатагтай Эрдэнэсувддаа баярлалаа!

Холбоо барих утас:
SCUTI MAKEUP STUDIO-88083452
Facebook: Энд дар

Tags : MakeUp

Асуулт үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.