COSE TALK

З.НАРАН: “БҮСГҮЙЧҮҮД ШИНЭЛЭГ, ТАНСАГ, УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН ХЭМЖЭЭНД БҮТЭЭГДСЭН СҮРЧИГ СОНГОЖ БАЙНА”

Монголд үнэртний соёлыг түгээн дэлгэрүүлж буй “Монголын Үнэртний Хүрээлэн”-ийн тэргүүн, Дэлхийн Үнэртний Нэвтэрхий Толь Фрагрантика цахим сэтгүүлийн нийтлэлч, хатагтай Зоригтын Наран хүмүүс яагаад будаг, ном, бороо зэрэг сонин содон үнэрт дуртай байдаг, дэлхийн тансаг үнэртэн бүтээгчид хэрхэн хөглөгддөг, үнэртний ноот гэж юу болох талаар маш сонирхолтой яриа өрнүүллээ.

COSE: Энэ өдрийн мэнд хүргэе, юуны өмнө үнэртний соёлыг түгээн дэлгэрүүлж, энэ талаар мэдлэг мэдээллийг Монголчууддаа хүргэдэгт тань талархал илэрхийлье. Яриагаа таны дуртай үнэрнээс эхэлье, та хэзээнээс үнэртэнд дурлаж эхэлсэн бэ? Таны хамгийн анхны үнэртэн ямар ус байсан бэ?

Наран: Өдрийн мэнд хүргэе! Баярлалаа. Би маш олон үнэрт дуртай. Хүүхэд ахуйн шинэ жилийг санагдуулдаг болохоор мандарины үнэрт, эмээгийнхээ хамрын тамхины үнэрт, нялх хүүхдийн үнэрт, шинэхэн барьсан талхны, борооны, далайн салхины, сарнайн гээд л. Тав, зургаан настай байсан болов уу даа. Лагерь дээр цэцэг, ургамал түүж үнэрлээд л пенницилиний жижиг шилэнд устай хольж хийгээд үнэртэй ус болгохыг хичээж байснаа санадаг юм. Бодвол тэр үед ээжийнхээ хуруун шилтэй усыг харчихаад сонирхож эхэлсэн байх. Том болоод анх ээжийнхээ Dior брэндийн сүрчигний цуглуулганаас түрхдэг байсан. Харин өөртөө авч байсан анхны сүрчиг бол одоо үйлдвэрлэгдэхээ больсон Ralph Lauren брэндийн Glamorous байсан. Тэр усаа эргэн санагалзаад дахиад авах гэсэн чинь олддоггүй. Энэ тухай бичсэнийг минь уншаад хоёр ч найз маань олж дурсгаж байсан нь сэтгэлээс гардаггүй юм.

COSE: Зарим хүмүүс ном, цаасны үнэр, хуучин хувцасны хадгалсан үнэр, будагны үнэр гэх мэт өвөрмөц сонин үнэрт дуртай байдаг. Ийм сонин содон үнэрт дурлахыг шинжлэх ухааны үүднээс юмуу ямар нэг тайлбар, учир холбогдол байдаг болов уу,

Наран: Сэтгэл судлаач, невролог эмч Алан Хиршийн хэлснээр үнэрийг боловсруулдаг тархины хэсэг дурсамж, сэтгэл хөдлөлийг удирддаг тархины хэсэгтэй холбоотой байдаг тул хүмүүс ном, хуучин хувцас гэх мэтийн өвөрмөц үнэрийг анх үнэрлэх үедээ таатай мэдрэмж, эерэг сэтгэл хөдлөлтэй байсан бол дараа нь тэр үнэртээ дуртай хэвээр үлддэг гэж тайлбарласан байдаг. Жишээ нь, хүүхэд байхдаа ном унших дуртай байсан бол том болоод ч ном нээх болгонд тэр дурсамжийг санагдуулсан үнэр нь сайхан санагдана.
COSE: Азичууд, тэр дундаа Монголчууд ихэнхдээ ямар үнэрт дуртай, ямар төрлийн үнэртэнд илүү тааламжтай ханддаг вэ?

Наран: Япон, Солонгосууд тэр болгон үнэртэн хэрэглээд байдаггүй санагддаг. Хэрэглэвэл маш сэргэг, зөөлөн үнэрийг сонгодог байх. Малайз, Тайландад үнэртний соёл сүүлийн үед хурдацтай хөгжиж өвөрмөц содон үнэртнүүд гаргадаг болсон. Монголчууд маань эрт дээр үеээс хүдрийн заар, ганга, зандан мод гэх мэт тансаг үнэрний мэдрэмжтэй байсан санагддаг. Хэдэн жилийн өмнө манайхан хөнгөн, зөөлөн үнэртэн сонирхдог байсан ч одоо өвөрмөц, шинэлэг, урлагийн бүтээлийн хэмжээнд бүтээгдсэн тусгай сонирхлын сүрчигнүүд сонирхдог хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа.

COSE: Хүүхдийг багаас нь сонсголтой гэдэг шиг, үнэрлэх мэдрэмж арай илүү хөгжсөн, давуу гэсэн ойлголт байх уу, эсвэл сонирхолтой шууд холбоотойгоор хөгжүүлэх шаардлагатай юу?

Наран: Тийм ойлголт байж болно. Одоо үед 6 мэдрэхүй гэж их яригддаг болж. Энэ 6 мэдрэхүйгээс аль нэг нь илүү хөгжсөн байж болно. Гэхдээ бас сонирхолтой, хичээл зүтгэлтэй бол аль ч мэдрэхүйгээ хөгжүүлж болдог гэж их уншсан.

COSE: Та 2016 онд Фрагрантика багт хэрхэн нэгдсэн бэ, таны цаашдын төлөвлөгөө үнэртний ертөнцтэй холбоотой байх уу?

Наран: 2016 оноос өмнө бид үнэртний талаар англи хэл дээр л мэдээлэл авдаг байлаа. Фрагрантика сэтгүүл үнэртний мэдээлэл төвлөрсөн дэлхийн хамгийн том нэвтэрхий толь юм. Бид ч “Ариун Судар” гэж эрхэмлэдэг байлаа. Гэтэл англи хэл мэдэхгүй олон Монголчууд байгаа. Олон хүмүүст хүртээлтэй болгох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Монгол хэл дээр орчуулах хүсэлт гарган холбогдсон. Одоо бид ямар ч сүрчигний талаар хайлт хийгээд монгол хэл дээрээ мэдээлэл авах боломжтой болсон. Тэгэлгүй яахав, цаашид үргэлж үнэртний ертөнцтэй холбоотой байх болно.

COSE: Та үнэртний алдартнууд, мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж, хамт уулзалт арга хэмжээнд оролцож байхад тэдгээр хүмүүс мэргэжлийн онцлог нь юу байдаг вэ, тэр торгон мэдрэмж хэрхэн хөглөгдөж, хэрхэн илэрдэг вэ?

Наран: Үнэртний мастерүүд бас онгод, мэдрэмжээрээ хөглөгддөг урлагийн хүмүүс байдаг. Үнэрээр л илэрхийлэх гэсэн санаа, бодлоо цогцлоодог онцлогтой. Маш хийсвэр сэтгэхүйтэй, сэтгэл хөдлөлтэй, эрэлч хайгуулч хүмүүс санагддаг. Сайн сүрчиг хийхэд сайн орц чухал. Тэд онцгой, өвөрмөц, чанартай бүтээл гаргах гэж дэлхийг тойрон ховор нандин орц хайдаг гэж ярьж байсан.

COSE: “Монголын Үнэртний Хүрээлэн”-гээс зохион байгуулдаг “Мэлрэг цэцэг шагнал”-ын анхны ялагч Улаанбаатарын бүтээлийг уншихад нээрээ л үгээр илэрхийлэх аргагүй үнэрийг түүх бүтээж үнэхээр гайхалтай илэрхийлсэн байсан. Үнэр нь үнэхээр төсөөлөгдөж байналээ. Манайд үнэрийг үгээр дүрслэн буулгах урлаг хэр хөгжиж, ямар түвшинд яваа гэж та хардаг вэ?

Наран: Үнэртний соёлыг дагалдаад үнэртнийг үгээр илэрхийлэх урлаг дэлхийд хөгжиж, 1990 оноос “Jasmine Award” буюу “Мэлрэг Цэцэг Шагнал” гардуулах ёслол зохион байгуулагдаж эхэлсэн юм. Монголд ч гэсэн үнэртний соёл хөгжиж байгаа учраас энэ шагналыг Монголдоо нэвтрүүлээд 3 жил болох гэж байна. Энэ зун 3 дахь “Мэлрэг Цэцэг Шагнал” гардуулах ёслолоо зохион байгуулна. Fragrantica.mn сайтруу ороод бичих үнэртнээ хайлт хийж олоод сэтгэгдэл хэсэгт нь бичиж оролцож болно. Манайхан гадныханаас огт дутахгүй, маш сайхан бичдэг гэж би үнэлдэг. Мундаг бичдэг олон хүн байдаг болохоор зарим нь сүрдээд өөрсдийгөө барьж хязгаарлаад байх шиг санагддаг. Үнэртэн хүн бүрт өөр өөр сэтгэгдэл төрүүлнэ. Хүн бүр бичих өөр өөрийн арга барил, онцлогтой. Тиймээс өөрийнхөөрөө чөлөөтэй бичиж байгаарай гэж хүсэх байна.

COSE: Тогооч хүн хоолыг амсаад ямар амтлагч орсныг, хэрхэн бэлтгэсэн болохыг шууд мэддэг шиг үнэртний мэргэжилтэн үнэрээр нь орц, хольцийг шууд мэддэг байх. Үнэртнийг тодорхойлох толгой ноот, зүрхэн ноот, суурь ноотны талаар тайлбарлавал? Жагсаалтаас нь харахад толгой эргэм олон байсан.

Наран: Зарим мундаг тогооч нар үнэрээр нь давс, амтлагч нь дутуу байгааг мэддэг гэж бас сонсож байсан юм байна. Бид хамраараа бас хоолыг амталдаг. Ханиад хүрээд хамар битүүрсэн байхад хоолны амтыг сайн мэддэггүй тохиолдол хүн бүрт л гарч байсан байх. Үнэртний мастерийн сургуульд эхний хэдэн сар мянга мянган ноот үнэрлэж цээжлэх хичээл ордог гэж дэлхийн үнэртний нийслэл гэгддэг Францын Грасс хотын үнэртний музей үзэж байхад тайлбарлаж байсан. Тэгэхээр тэд орцыг шууд мэдэх байх.
Толгой ноот гэдэг нь үнэртэнг цацангуут үнэртэх ноотууд юм. Эхний 20-30 минут үнэртэнэ. Толгой ноотуудын молекулын хэмжээ нь жижиг байдаг учраас хамгийн амархан дэгдэж ууршдаг. Ихэвчлэн цитруслэг жимснүүд толгой ноотонд ордог. Дараа нь зүрхэн ноот буюу арай том молекултай ноотууд нь үнэртэнэ: төрөл бүрийн цэцэгс, жимсний ноотууд. Дараа нь суурь ноотууд болох хамгийн том молекулын бүтэцтэй ноотууд үнэртэнэ: зандан мод, хув, ваниль, заар гэх мэт. Ерөнхийдөө молекулын ууршилтын дарааллаар нь толгой, зүрх, суурь гэж ялгадаг гэж ойлгож болно.

COSE: Та гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо ч үнэрийг эн тэргүүнд тавих үе байдаг уу, аливаа бүтээгдэхүүнийг үнэрээр нь орц найрлага, органик мөн эсэхийг мэдэх боломжтой юу?

Наран: Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо хэрэгтэй орц, үйлчилгээг нь голчилж сонгодог. Сайхан үнэртэй байвал бонус гэж бодоод хэрэглэхэд улам тааламжтай байдаг. Байгалийн эсвэл синтетик гэдгийг нь заримдаа ялгадаг. Учир нь одоо химийн аргаар байгалийн мэт үнэр гаргаж чаддаг болоод байгаа. Харин гоо сайхны бүтээгдэхүүнд орсон байгалийн орцыг үнэрээр нь органик эсэхийг мэдэх боломжгүй санагддаг. Харин зарим жимсний органик эсэх нь үнэрнээс нь мэдэгддэг.

COSE: Зургийг үнэрээр илэрхийлж байгаа, түүнийг нь бусад хүмүүс нэгэн ижил тайлж уншиж байгаа жишээг таны постноос хараад сэтгэл их хөдөлсөн. Тэгэхээр үнэр бол дэлхийн хэл гэж харж болохоор байна. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Наран: Уран зураг, баримал, дуу бүжиг, кино гээд бүх л урлаг дэлхийн хэлтэй адил үнэр ч гэсэн дэлхийн хэл гэдэгтэй санал нэг байна.

COSE: Монголд Дэлхийн үнэртний хэд орчим хувийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг вэ, өөрөөр хэлбэл бидний сонголтонд хараахан нээгдээгүй үнэртний хэр том зах зээл байдаг вэ?

Наран: Судалгаа хийгээгүй болохоор яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ маш цөөхөн, 10% хүрэхгүй байх гэж таамаглаж байна. Сүүлийн үед тусгай сонирхлын сүрчиг хүчээ авч маш олон брэндүүд ар араасаа нээгдэж байгаа.

COSE: Та гоо сайхан эмэгтэйг хэрхэн ойлгодог вэ?

Наран: Өөрийгөө таньж мэдсэн, өөрийгөө олсон эмэгтэй хамгийн сайхан байдаг гэж боддог. Өөрийгөө танихын хэрээр бусдыг ойлгодог, уучилдаг, уужирдаг. Дотроо саруул, гэгээлэг, сайхан байхад гадна нь бас илэрдэг байх. Гэхдээ өөрийгөө бүрэн танихад их цаг хугацаа шаардагдана. Тэгэхээр ядаж эрэлхийлж, хичээж явахыг эрмэлздэг.

COSE: Та ямар төрлийн арьстай вэ, ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

Наран: Би хуурай, эмзэг арьстай. Насандаа болон асуудалтай хэсэгтээ тохирсон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Би бүтэн жил нарлаг байдаг газар амьдардаг болохоор сэвхний эсрэг бүтээгдэхүүн их туршиж үздэг. “Drunk Elephant” брэндийн Vitamin C-тэй серум, “Chanel”-ийн Le Blanc нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн сүүлд овоо үр дүн өгч байгаа санагдаад байгаа. Насандаа тохируулж бүтээгдэхүүн сонгохын чухалыг их ойлгосон. Сайн нь л дээр гээд наснаасаа эрт хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглээд байхаар арьс нь дасаад дараа нь улам л хүчтэй орцтой зүйл хэрэглэхгүй бол үйлчилгээ авахаа больдог. Тиймээс залуу охид бол чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүн хэрэглээд явахад зүгээр санагддаг.

COSE: Таны арьс арчилгааны дараалал, онцлог юу вэ?

Наран: Хөөсөн эсвэл сүүн цэвэрлэгчээр угаагаад дараа нь хөвөнд шингээсэн тоникоор арчиж цэвэрлэгээгээ дуусгадаг. Дараа нь “SK-II” эссэнзээр арьсаа зөөллөж бэлдээд серум, зовхины тос, лосьон, тосоо түрхээд нарны хамгаалалт заавал түрхдэг. Долоо хоногтоо 1-2 удаа шөнийн маск хэрэглэдэг, бас салфеткан маскнууд хэрэглэх дуртай.

COSE: Таны косметик цүнхэнд юу юу байдаг вэ?

Наран: Нэг хэсэг make up цуглуулдаг хоббитой байж байгаад одоо овоо цөөлсөн. Foundation, багснууд, тень, бронзер, хацар өнгөлөгч, хөмсөгний тень, сормуусны будаг, контур, уруулын будагнууд, хөвөнтэй мод байдаг.

COSE: Таны хувьд хамгийн тансаг 3 үнэртэй ус, хамгийн сайхан 3 үнэр юу вэ?

Наран: Roja-гийн Nuwa, Armani Prive-гийн Rose D’Arabie, Frederic Malle-ийн Carnal Flower. Хамгийн сайхан үнэр миний хүүгийн нялхын үнэр, сарнай, ой модны үнэр.

COSE: “COSE talk” уншигч бүсгүйчүүддээ таны дуулгах мэдээ юу вэ?

Наран: “COSE Cosmetics”-ийн хамт олонтой хамтран энэ зун үнэртний сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Тухайн үед нь мэдээлэл хүргэх болохоор та бүхнийг ирээрэй гэж урьж байна. Мөн хуурамч сүрчигийг хэрхэн ялгах, үнэртний үндсэн ойлголтуудын талаарх бичлэг оруулж байгаа “Anhilan Parfums” нэртэй YouTube сувгаа санал болгож байна.

COSE: Үнэртэн бүтээх сургалт, хамарлагаа хэмээх өдөрлөг хэдийгээр товлогдоод байгаа вэ, үнэртэн бүтээх сургалтаар дамжуулан шинэ үнэртэн бүтээж худалдаанд гаргах боломж нээгдэх байх, энэ хэр боломжтой вэ, Монголд тансаг үнэртэн бүтээхэд юу хэрэгтэй вэ, ямар боломж байгаа вэ?

Наран: Энэ зун 7, 8 сард сургалтууд, “Мэлрэг Цэцэг” шагнал гардуулах ёслолоо зохион байгуулахаар товлоод байгаа. Манайхан урлаг соёлын тал дээр хаана ч гологдохгүй. Тиймээс заагаад, суурийг нь тавиад өгвөл үнэртэнг ч бас мундаг хийж чадна гэж итгэдэг. Америкийн Үнэртний Хүрээлэнгээс жил болгон шилдэг сүрчиг шалгаруулж “Алтан Лийр” шагнал олгодог. Малайзааз оролцсон 2 залуу хүү 2016 онд шалгарч захиалгандаа дарагдаж байхыг хараад Монгол залуучууд маань ч дэлхийн тавцанд гарч амжилт олох боломжтой шүү дээ гэж бодсон. “Монголын Үнэртний Хүрээлэн” тэр гүүр нь болохыг эрмэлзэж сургалтуудаа явуулдаг. Түүхий эд, орцуудыг Францууд ч хүртэл дэлхийн өөр орнуудаас нийлүүлж хэрэглэдэг учир уран сэтгэмж, хүсэл тэмүүлэл байхад хэрэгтэй зүйлсийг нь олох тал дээр бид тусалж дэмжих болно.

COSE: Танд баярлалаа,

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.